Финландын хөтөлбөрт яагаад зуны даалгавар байдаггүй вэ?
- SISU School Ulaanbaatar
- Jun 25
- 2 min read
Зуны амралт эхлэхтэй зэрэгцэн олон эцэг эхчүүд хүүхдэийн сурлагыг дэмжих, , ирэх хичээлийн жилдээ бэлтгэх нэрээр зуны даалгавар, нэмэлт сургалтад хамруулах гэж яардаг. Гэвч боловсролын системээрээ дэлхийд тэргүүлэгч Финланд улсын туршлага бидэнд тэс өөр нэгэн чухал сургамжийг өгдөг.
Финландад зуны амралт гэдэг нь зүгээр нэг хичээлгүй өдрүүд биш, харин хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд болон тархины хөгжилд нэн шаардлагатай "бүрэн цэнэглэх боломж" юм.
Яагаад зуны даалгавар өгөх хэрэггүй вэ?
Финландын боловсролын тогтолцоо нь "өөрт тохирсон ачааллаар илүү үр дүнд хүрэх" зарчим дээр суурилдаг. Тэдний үзэж байгаагаар:
Тархинд амралт хэрэгтэй: Хичээлийн жилийн турш ачаалалтай ажилласан хүүхдийн тархинд мэдээллийг боловсруулж, урт хугацаанд тогтоохын тулд "сул зогсолт буюу амралт хэрэгтэй. Зуны даалгавар нь тархийг ажиллуулснаар хүүхдийг ядаргаанд оруулж, сурах эрмэлзлийг нь бууруулдаг.
Сургуулиас залхах сэтгэл зүйг арилгах: Сургуулийн орчинд удаан байсан хүүхдэд гэрийн даалгавар нь үргэлжлүүлэн "баригдмал" байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Зуны турш хичээлээс хол байснаар хүүхэд намар сургуульдаа явахыг хүсдэг, шинэ зүйл сурах илүү их эрмэлзэлтэй болж ирдэг.
Тоглоом бол сургууль: Финландчуудын хувьд тоглоом бол хүүхдийн хамгийн том ажил. Зуны турш найзуудтайгаа тоглох, байгальд аялах, шинэ зүйл туршиж үзэх нь гэрийн даалгавраас хавь илүү бүтээлч, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг.
Жинхэнэ "Финланд амралт" гэж юу вэ?
Финланд зарчмаар эцэг эхчүүд хүүхдээ зуны турш:
Байгальтай ойр байлгах: Ой модонд зугаалж, цөөрөмд сэлэх нь хүүхдийн стрессийг бууруулж, дархлааг дэмждэг.
Чөлөөт цагийг дэмжих: Хүүхдэд ямар ч төлөвлөгөөгүй, өөрөө өөрийгөө зугаацуулах цаг олгодог. Энэ нь бие даасан байдал болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал: Хичээл хийх гэж шаардахын оронд хамтдаа хоол хийх, ярилцах, ном унших зэрэг харилцааны ач холбогдлыг эрхэмлэдэг.
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Хэрэв та хүүхдээ зуны турш хичээл хийлгэхгүй бол "хоцрогдчихно" гэж айж байгаа бол Финландын туршлагыг санаарай. Хүүхдийн сурлагын амжилт нь хэдэн ном уншсанаар биш, харин хэр эрүүл, хэр аз жаргалтай, сурч мэдэхэд хэр их хүсэл тэмүүлэлтэй байгаагаар нь хэмжигддэг.
Энэ зун хүүхэддээ ямар ч даалгавар өгөлгүй, зүгээр л "хүүхэд байх" боломжийг нь олгоод үзээрэй. Тэд намрын хичээлийн шинэ жилд илүү их эрч хүчтэй, урам зоригтойгоор эргэн ирэх болно.
Бүгдээрээ зуныг зугаатай өнгөрүүлээрэй!




Comments