top of page

Хүүхдээ сургуульд бэлдэх нь

Хичээлийн бэлэн байдал:


Хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө өөрсдийнхөө тухай, эргэн тойрныхоо хүмүүс, газар нутаг, юмсын талаар цаашлаад дэлхий ертөнцтэй хэрхэн харилцах талаар анхан шатны ойлголттой байх ёстой. Энэ нь тэдний олон жилийн сурлагын амжилтыг тодорхойлох бичиг үсгийн, математикийн болон бусад ур чадварыг бий болгох үндэс суурь нь болдог.

Бичиг үсэг, хэл ярианы чадварыг нь хөгжүүлэх:

Хүүхдээ уншиж, бичиж сурахад бэлтгэхийн тулд эхлээд үсэг, авиа таньж мэдэх, сонсох, ярих чадварыг нь хөгжүүл. Хүүхэдтэйгээ хамт ном уншиж эхэлхэд эрт, орой гэсэн ойлголт байдаггүй.

-Уншсан зүйлийнхээ талаар хоорондоо ярилцаж, санаа бодлоо хуваалцаарай.

-Хамтдаа үсэг бичих, ялангуяа түүний нэрний үсгийг бичих дадлага хий.

-Үсэг бичих дасгалыг илүү хөгжилтэй болгохын тулд тэднийг гэртээ байгаа эд зүйлс дээр тохирсон үсэг бичихийг нь зөвшөөр.

-Хүүхэдтэйгээ байнга ярилцаарай. Тэдэнд ярилцах гэдэг нь зөвхөн өөрөө яриад байх биш, бусдыг сонсох нь бас чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Хамтдаа дуу дуулаарай. Цагаан толгойн дуунаас эхлээд дуулж болно шүү дээ.

Математикийн чадварыг нь хөгжүүлэх:

Хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх нь нэн чухал. Хүүхэддээ янз бүрийн хэлбэр дүрс зурж, хайчилж, наахад нь тусал. Амьтны хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн, хүнсний дэлгүүр, амьтны дэлгүүр гээд олон газрыг тэдэнд үзүүлээрэй. Өөр, ижил, том, жижиг гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийг зааж нэрлэ. Өдрийн турш тэдний идсэн жигнэмэг эсвэл хатааж буй хувцас зэргийг тоол. Хоолны хайрцаг эсвэл гудамжны самбар дээр байгаа тоонуудыг хайж олох тоглоом тогло.

Хүүхдүүд сурах хүсэл эрмэлзлээ эцэг эхээсээ авдаг. Та сониуч байвал хүүхэд ч сониуч зантай байх болно. Хэрэв та шинэ зүйлийг туршиж үзэхэд хөгжилтэй байгаа бол тэдэнд ч бас хөгжилтэй байх болно. Хүүхдээ шинэ зүйл сурч, бүтээх, хуваалцах үед нь магтаарай. Та тэдний амжилтаар бахархаж байгааг харах нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сурах хүслийг төрүүлдэг.


Нийгмийн харилцаанд бэлдэх нь:

Хүүхэд сургууль дээрээ өөртөө итгэлтэй, сониуч зантай байж, бусад хамтран суралцдаг байх хэрэгтэй. Эдгээр чанаруудыг сурахад нь мэдээж цаг хугацаа шаардагдана. Дараах эерэг чанаруудыг хөгжүүлэх боломжийг хүүхдэдээ гэрт байх үед нь олгох хэрэгтэй. Тэдэнд хувцсаа эвхэх, гуталны үдээсээ үдэх, тоглоомоо хураах зэрэг өөрт нь тохирсон ажлыг хийлгэж сургаарай. Хүүхдийнхээ өмнөөс байнга шийдвэр гаргахын оронд тэднийг сонголт хийхэд нь чиглүүлж, ийм сонголт хийхэд юу нөлөөлсөн талаар асууж, хүүхэд тань уурлаж хашгирах үед тэднийг зэмлэхээсээ өмнө яагаад ийм үйлдэл гаргасныг нь асууж, яагаад тийм зан авир гаргаж болохгүй вэ гэдгийг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жишээлбэл: "Ээж нь хүүдээ хайртай, гэхдээ ханан дээр зурах гэх мэт буруу үйлдэл хийхэд чинь би чамд уурладаг." гэх мэт. Хүүхдээ өдөрт хэд хэдэн удаа тэврээд үнсээрэй. Хүүхэд амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэхийн тулд өөрийгөө сайн мэдрэх ёстой. Өөртөө итгэлтэй хүүхэд шинэ ажил хийхийг оролдох, эхний удаа хийж чадаагүй бол дахин оролдох, асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай байдаг.


Хүүхдээ шинэ газраар дагуулж яваарай. Тэднээс юу харж байгаагаа тайлбарлахыг хүс. Хүүхдээ шинэ даалгавар, тоглоомтой байнга танилцуул. Хэцүү, бэрхшээлтэй ажлыг хийж дуусгахад нь тэднийг урамшуул. Хүүхдээсээ ямар нэгэн зүйл хийхийг шаардахдаа шалтгааныг нь хэл. Жишээлбэл: "Би чамд хэлсэн болохоор чи тэгэх ёстой" гэхийн оронд "Тоглоомоо хураахгүй бол бүдрээд уначихаж магадгүй шүү" гэж хэлээрэй.

Хүүхдээ бусад хүүхдүүдтэй тоглож байгаа эсэхийг шалгаарай. Тэдэнд бусдын мэдрэмжийг анхаарч үзэхэд нь тусал. Бусадтай юмаа хуваалцахын ач холбогдлын талаар ярилц. Бүх зүйл дээр тогтвортой бай. Хоолны цаг, унтах цагийн хуваарийг тогтмол гарга. Цохих, хазах, хашгирах болон бусад сөрөг үйлдлүүдийг өөр тийш нь чиглүүлж, өөрийгөө илэрхийлэх зүй зохистой арга замыг зааж өг. Хүүхэддээ хоёр, гурван алхамтай үүрэг даалгавар өг. Жишээ нь: "Унтлагын хувцсаа өмсөөд, шүдээ угаа, дараа нь унших ном сонгоорой" гэх мэт.


Дээрх зөвлөмжөөс харахад хүүхдээ сургуульд бэлдэх гэдэг нь зөвхөн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас бэлдэхээс гадна тэдний сэтгэл зүй, биеэ авч явах чадвар зэргийг бэлдэх маш чухал гэдэг нь харагдаж байна. Тиймээс та бүхэн аль болох уг зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.




156 views0 comments

Comments


bottom of page