Өвлийн амралт нь хүүхэд бүрийн хувьд хамгийн баярт мөчүүдийн нэг байдаг. Тэд орой унтаж, гэрийн даалгаврын оронд тоглож, гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлдэг. Харин ихэнх хүүхдийн хувьд өвлийн амралтын дараа хичээлдээ буцаж орох нь ихээхэн сорил болдог нь нууц биш юм. Хүүхдийн сэтгэл зүйч Эшли Юнганы нь амралтын дараа хичээлдээ буцаж ороход хүүхэд бүр бага зэргийн айдастай байдаг нь хэвийн зүйл болохыг дурдсан байдаг. Тэгвэл та бүхэнд хүүхдэдээ туслах цөөн аргуудыг танилцуулж байна.
Хоног тоолох - Хүүхдүүд хоног тоолох дуртай байдаг. Тэгвэл та хичээл эхэлтэл 14 хоногоос эхлэн хоног тоолоод үзээрэй. Энэ нь тэднийг сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болохоос гадна, аливааг төлөвлөж сурахад туслах болно.
Шинэ зорилго -Өвлийн амралт нь шинэ жилтэй давхацдаг. Тэгвэл та шинэ улирлыг мөн шинэ зорилго тавих боломж болгон ашиглаарай. Тэдэнд шинэ улиралдаа илүү олон найзтай болох, гэрийн даалгавраа цагтаа хийх зэрэг бодит бөгөөд үр дүнтэй зорилго тавихад туслаарай.
Төлөвлөгөө гаргах - Хүүхдүүд өвлийн амралтын дараа гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг дууслаа гэж боддог. Энэхүү айдсыг даван туулахын тулд дараа дараагийн амралтын өдрүүдэд хамтдаа төлөвлөгөө гаргаарай. Хамтдаа гадуур хоол идэх, кино үзэх, ууланд гарах зэрэг төлөвлөгөө гаргах нь тэдний сэтгэлийг амраах болно.
Баярт өдөр болгох - Хичээлийн эхний өдрийг баярын өдөр болгон тэмдэглэж яагаад болохгүй гэж? Тэгвэл хичээл эхэлсний өдрийг хамтдаа хоол хийх, зураг авхуулах зэрэг зугаатай өнгөрүүлээрэй. Энэ нь тэдэнд сургуульдаа явах нь баяр хөөртэй үйл явдал болохыг ойлгуулах болно.
Цагийн хуваарь гаргах - Сургуулийн насны хүүхдүүдэд цагийн хуваарь маш чухал юм. Өглөө босох, хувцсаа өмсөх, өглөөний цайгаа уух гээд хуваарь дуусахгүй. Хичээлийн өмнөх өдөр хамтдаа цагийн хуваариа дахин гаргаарай.
Сэтгэлийн хайрцаг - Хичээлдээ буцаж орох нь зарим хүүхдэд сэтгэл түгшил өгдөг. Үүнийг "сэтгэлийн хайрцаг"-аар шийдвэрлэх нь үр дүнтэй арга юм. Энэ нь хүүхдэд айдас, түгшил, санаа зовж буй зүйлээ илэрхийлэхэд туслах болно. Ялангуяа гэрийн даалгавар, анги хамт олон гэх мэт бидний ойлгохгүй олон зүйл тэдний санааг зовоож байдгийг бид ойлгох хэрэгтэй юм.
Comments