top of page

Хүүхэдтэйгээ хэрхэн эерэг харилцааг бий болгох вэ?

Хүүхэд хүмүүжүүлэх үйл явцын чухал нэг хэсэг нь эцэг эх, хүүхэд хоорондын харилцаа юм. Хоёр талын эерэг харилцаа нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бий болгоход чухал үүрэгтэй. Хүүхдүүд урмын үг, магтаалын үгсээр цэцэглэн хөгждөг бол, та хүүхдээ сонсох нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, тэдэнд үнэ цэнэтэй, хайрлагдсан мэдрэмжийг төрүүлдэг байна.


Хүүхдүүд ярьж эхэлхээсээ өмнө таны яриаг ойлгодог гэдгийг санах нь зүйтэй. Та хүүхдэддээ өдөр бүр анхаарал хандуулснаар хүүхдийнхээ ярианы хөгжилд эерэгээр нөлөөлж чадна. Мөн та хүүхэдтэйгээ бага наснаас нь эхлээд тодорхой, нээлттэй харилцааны хэв маягийг бий болгож чадвал ирээдүйд нь хэрэгтэй чухал туршлагыг бий болгож байна гэсэн үг.

Бага насны хүүхдэдтэйгээ эерэг харилцаа тогтоох нь

Хүүхдийн стрессийг даван туулах, өөртөө итгэлтэй байх, хожим насандаа өөрийгөө урамшуулах чадвар нь бага насных нь туршлагаас ихээхэн хамаардаг. Хүний "өөрийн тухай ойлголт" нь өөрийгөө хэн бэ, гэр бүл, нийгэмд эзлэх байр сууриа хэрхэн мэдэрч байгаа тухай ойлголт юм. Энэ нь хүүхдийн 2-6 насанд нь хөгжиж эхэлдэг. Эцэг эх, хүүхэд хоорондын эерэг харилцаа нь хүүхдэд өөрийгөө эерэгээр төсөөлөх чухал хэсэг юм. Үргэлж буруутгагдаж, шүүмжлэл сонсож өссөн хүүхэд насанд хүрээд сөрөг үзэлтэй нэгэн болж хувирдаг.

Хүүхдээ байнга сонс

Хэрэв та хүүхдээ сайн сонсогч байгаасай гэж хүсч байвал өөрөө сайн үлгэр дуурайлал нь байх хэрэгтэй. Тэднийг сонсох цаг гарга. Хэрэв та хүүхдээ байнга үл тоомсорлодог бол хүүхэддээ сонсох нь чухал биш, түүний хэлэх гэсэн зүйл танд чухал биш гэсэн мессежийг илгээдэг.

Зөвлөмж:

-Хичнээн завгүй, чухал ажилтай байсан ч хүүхдийнхээ яриаг анхааралтай сонсоорой.

-Хэрэв та өдөр бүр завгүй хуваарьтай байдаг бол тодорхой цаг гаргаж тэднийг сонсож байгаарай.

-Хүүхдийнхээ санаа, бодлыг аль болох дэмжээрэй. Эерэг харилцаа гэдэг бол хоёр урсгалтай зам шиг бие биенээ ээлжлэн сонсож, ярилцах явдал юм.

-Тэдний яриан дундуур дүрмийн алдааг нь засалгүй эсвэл өгүүлбэрийг нь таслалгүй тэдний хэлэх гэж байгаа зүйлд гол анхаарлаа төвлөрүүлээрэй.

Бага насны хүүхэдтэйгээ биеийн хэлээр харилцах нь:

Үгээс илүү үйлдэл хүчтэй байдаг. Тиймээс та юуг, яаж, хэлж байна вэ гэдэг чухал гэдгийг байнга санаж байгаарай.

Зөвлөмж:

-Хүүхэдтэйгээ ярихдаа харааны ижил түвшинд байх хэрэгтэй.

-Байнга нүдрүү нь харж ярилцах нь зүйтэй. Гэхдээ өсвөр насныхан үүнд дургүй байдаг тул та алхаж байхдаа эсвэл машинд явж байхдаа тэдэнтэй яриа өрнүүлэх нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг санаарай.

-Тэдэнрүү инээмсэглэ. Хөмсгөө зангидахаас илүү инээмсэглэх үед хүүхэд тантай илүү дээр харилцах болно.

-Тэднийг зөрүүдлэх, уйлах үед нь аль болох зөөлөн дуу хоолойгоор харилцаарай. Орилж хашгирах нь байдлыг улам л дордуулах болно.

-Хүүхэд тань хэдэн настай ч бай тэднийг байнга тэвэрч байгаарай.

-Хүүхдийг яриж байх үед нүдээ эргэлдүүлэх, хөлөө цохих, санаа алдах гэх биеийн илүү хөдөлгөөнөөс зайлсхийгээрэй. Энэ нь хүүхдийг ярихад маш их саад болдог.

Өсвөр насны хүүхэдтэй харилцах

Таны хүүхэд бага сургуулиа төгсөх үед хэл ярианы болон өөрийгөө илэрхийлэх чадвар нь эрс сайжирсан байдаг. Тэд нөхцөл байдалд тохируулан яриагаа хүртэл өөрчилдөг. Тэд гэр бүл, найз нөхөдтэйгээ ярихаас илүү багштайгаа л

ярьж харилцдаг болж магадгүй.

Энэ насны хүүхэддээ тэдний яриаг идэвхтэй сонсож буйгаа олон янзаар харуулах боломжтой байдаг. Үүнд:

-Өдөр бүр хүүхдэдээ анхаарал хандуулж зөвхөн хүүхдээ сонсох цаг гаргаарай.

-Хэрэв таны хүүхэд "тийм", "үгүй" гэсэн товчхон хариулт өгөх хандлагатай бол "Өнөөдөр хичээл дээр нь юу хамгийн сонирхолтой байсан бэ?" гэх мэт нээлттэй асуултуудыг асууж үзээрэй.

-Хүүхдээ таниас өөр үзэл бодолтой байхыг хүлээн зөвшөөрч, тэдний үзэл бодлыг хүндэтгээрэй.

-Аль болох яриаг нь таслахгүй, шүүмжлэхгүй байхыг хичээгээрэй.




74 views0 comments

Comments


bottom of page