top of page

Хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх 10 арга

Writer: SISU School UlaanbaatarSISU School Ulaanbaatar

Сэтгэл хөдлөлийн чадвар эзэмших нь хүүхдийн академик үзүүлэлт, ирээдүйн ажил амьдралд нь тусалдаг. Хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил харилцааны чадвар бага наснаас нь хөгжиж эхэлдэг. Тэд сургуульд албан байдлаар, гэртээ албан бус байдлаар дээрх чадварт суралцдаг.


Хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх дараах 10 аргыг танилцуулж байна.


  1. Сэтгэл хөдлөлийн нэршилтэй танилцах - "Мэдрэмжийн хүрд" нь хүүхдэд сэтгэл хөдлөлийн нэршилтэй танилцахад тусалдаг. Жишээлбэл, хүүхэд суурь мэдрэмж болох аз жаргал, гуниг, уурлах зэрэг нэршлүүдтэй танилцсанаар өөрийн мэдрэмжээ илэрхийлэх үгсийг сурдаг. Өөрийн мэдрэмж, аашаа нэрлэж сурах нь хүүхдийн сэтгэл хөдлөлөө эрүүлээр удирдах анхны алхам юм.

Мэдрэмжийн хүрд

2. Давуу талд нь төвлөрөх - Хүүхдийнхээ давуу тал, авъяасын талаар ярих хэрэгтэй. Тэдний юу хийж чаддаг, юунд сайн болох, юунд дуртай болох талаар ярилцаарай. Хүүхдийнхээ эерэг талыг ажиглаарай. Тэднийг найз нөхөд, ах дүүстэй нь харьцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.


3. Хариуцлага хүлээлгэх - Хүүхэдтэйгээ гэр бүлдээ юу зориулж болох талаар нь ярилцах хэрэгтэй. Хүүхдийн нас, сонирхол, авъяасад нь тохирсон даалгавар гаргаж өгөөрэй. Жишээлбэл, тэжээвэр амьтнаа хооллох, ногоо арилгуулах, цэцэг услуулах гэх мэт. Хариуцлага хүлээлгэснээр хүүхэд өөртөө итгэлтэй, үнэ цэнэтэй мэдрэмж авдаг.


4. Тоглуулах - Хүүхэддээ тоглох хугацаа, орон зай, боломжийг тогтмол олгох хэрэгтэй. Хүүхэд ганцаараа эсвэл бусадтай өөрийн эрх дураар тоглох явцдаа нийгэмшил, сэтгэл хөдлөлийн чадвар эзэмшдэг. Ялангуяа бүтээлч, дүрт тоглоом, хамтрах тоглоомд тоглуулах нь үр дүнтэй.




5. Зорилго тавих - Жижиг бөгөөд бодит зорилго тавихад туслах. Энэ нь хүүхдийн унших чадварыг сайжруулах, шинэ спортод суралцах, өөрөө бие даан хоол бэлтгэх зэрэг зорилгод туслах хэрэгтэй. Тэдэнд том зорилгыг жижиг зорилтуудад хувааж болдгийг зааж өгөх хэрэгтэй. Зорилгодоо хүрсэн тохиолдолд түүнийг нь урамшуулж, хамтдаа тэмдэглээрэй.


6. Шийдвэр гаргалтанд оролцуулах - Ямар хоол идэх, ямар үсний засалттай болох зэрэг өөртэй нь хамааралтай зүйлийг өрөөр нь шийдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн гэр бүлээрээ хаашаа аялах, баярыг хэрхэн тэмдэглэх зэрэг гэр бүлийн сонголтод саналыг нь авах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд сонголт, үр дагаврыг бодож сурдаг.


7. Стрессээ удирдахад туслах - Хүүхэддээ стрессээ эрүүлээр удирдах олон арга замыг зааж өгөх хэрэгтэй. Ялангуяа гүйх, бүжиглэх, йога зэрэг тайвшрах арга хэрэгслийг туршиж үзээрэй. Зарим хүүхдийн хувьд амьсгалын дасгал хийж стрессээ тайлах нь үр дүнтэй байдаг.




8. Асуудал шийдвэрлэхэд чиглүүлэх - Хүүхэд асуудал, бэрхшээлээ ярилцах үед түүнийг нь сонсоорой. Жишээлбэл, найзтайгаа маргалдах, дүүтэйгээ таагүй харилцаа үүсгэх зэрэг асуудлыг нь сонсох хэрэгтэй. Энд та өөрийн үзэл бодлоо шууд оролцуулж болохгүй. Харин түүнд шийдэл олоход нь туслаарай.


9. Алдаагаа ухамсарлах - Хүүхдэд алдаа гаргах, зорилго бүтэлгүйтэх гэдэг нь байдаг зүйл болохыг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ түүний гаргасан алдааг ярилцаж, түүнээс сурсан зүйлийг нь асууж, дараагийн удаа хэрхэн өөрөөр хийж болох талаар ярилцаарай. Энэ арга нь хүүхдэд чадвартай, өөдрөг, аливааг хийж чадах мэдрэмжийг төрүүлдэг.


10. Сургуулийн сэтгэл хөдлөлийн чадвар суулгах хичээл - Хүүхдийнхээ багш, сургуультай сэтгэл хөдлөл, нийгэмшил харилцааг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцах хэрэгтэй. Сургуулийн сэтгэл хөдлөлийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа нь чухал үүрэгтэй юм.




 
 
 

Comments


bottom of page